q Дэлгэцийн бүтээлийг хүүхэлдэйн тоглолттой хослуулсан - TIAN GOMBAU-COMPANYIA DE TEATRE

Дэлгэцийн бүтээлийг хүүхэлдэйн тоглолттой хослуулсан, хүүхэд багачуудын сонирхлыг татах нэгэн шинэ өвөрмөц шийдэл бүхий жүжгийг Испанийн L’Home Dibuixat театрын уран бүтээлчид тоглох гэж байна.

“Screenman” буюуПомодорогийн адал явдал” /помидор буюу улаан лооль гэсэн үгнээс гаралтай/ хэмээх энэхүү жүжгийг гурваас дээш насны хүүхэд үзэх тохиромжтой бөгөөд монгол тайлбартайгаар 45 минут үргэлжлэх юм байна.

Маскарад”, “80 янзын  багтай сармагчин”, “Чулуун дээр чулуузэрэг хэд хэдэн хүүхдийн жүжиг тавьж найруулсан найруулагч, зохиолч, жүжигчин Тиан Гомбау бүтээлээ тун сонирхолтойгоор тавьж, энгийн чулууг ч дүрд хувирган амилуулж чаддагаараа онцлогтой ажээ. Тэрбээр Монголд дууны найруулагч, техникийн мэргэжилтэн Ману Сильвагийн хамт ирээд байхад нь  хэсэг хором ярилцлаа.

Дашрамд дурдахад, “Помодорогийн адал явдалжүжгийг өнөөдөр болон маргааш 15:00 цагт Корпорэйт Конвеншн центрт тоглоно.

 

“Помодорогийн адал явдал” жүжгийн хэсгээс

Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Тиан Гомбау:

Намайг Тиан Гомбау гэдэг. Испаниас ирсэн. “Помодорогийн адал явдал” жүжгээ толилуулахаар өчигдөр Монголд ирээд байна. Миний хувьд энэ жүжгийн зохиолч, найруулагч бас жүжигчин, хүүхэлдэй тоглуулагч.

 

Ману Сильва:

Харин намайг Ману Сильва гэдэг. Би дуу хөгжим, техникийн ажлыг хариуцдаг. Бид Монголд дөнгөж ирээд байгаа учраас сайн явж үзэж амжаагүй байна. Хүмүүс нь их сайхан санагдлаа. Бидэнд энд таатай сайхан байна.

 

-“Помодорогийн адал явдал” жүжгээс хүүхдүүд юу ойлгоосой гэж хүсэж байна вэ?

-Энэ жүжгээрээ хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй, мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг илэрхийлэхийг хүссэн.  Мөрөөдлөө хэзээ ч биелэхгүй, хүсээд байх зүйл биш юм байна гэж хойш суугаад байвал хэзээ ч биелэхгүй шүү дээ. Жүжгийн гол баатар эхлээд дэлгэцэнд гарч ирээд буцаад хүүхэлдэй болоод гараад ирдэг. Үзэгчид хоёр талаас нь харах боломжтой. Нэг талаас дэлгэцээр, нөгөө талаар биет хүүхэлдэй болон гарч ирдгээрээ онцлогтой.

Циркийн алиалагч болох мөрөөдөлтэй Помодоро хүүгийн  ээж аав нь “алиалагч болохыг хүсдэг хүн хаана байсан юм” хэмээн зэмлэж, найз нөхөд нь шоолно. “Бусдын  хүүхэд өөр юм мөрөөдөж байхад чи яагаад циркийн алиалагч болохыг мөрөөддөг байна” гэнэ. Жүжгийн төгсгөлд  Помодоро хүү жүжгийн бас нэгэн гол баатартай уулзаад “миний мөрөөдөл ч гэсэн надад үнэ цэнэтэй юм байна.  Би үнэхээр үүнийг хүсч байвал мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, хөдөлмөрлөх ёстой юм байна” гэдгийг ойлгоод хичээж эхэлдэг. Сүүлдээ эцэг эх нь ч хүүхэд маань үнэхээр хүсэж байсан юм байна гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрнө.

Жүжгээрээ дамжуулан  бид мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх ёстой гэсэн утга санааг илэрхийлж байна. Мөн хүн өөрт нь тусалж байсан хүмүүст эргээд тус хүргэж байх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлдэг.

-Хүүхдийн анхаарал богино хугацаанд тогтдог учраас хүүхдийн жүжиг амаргүй гэж ярьдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарсан бэ?

-Жүжиг маань 40-45 минут үргэлжлэх учраас гурван настай хүүхэд энэ хугацаанд анхааралтай суугаад үзчихнэ. Хүүхэлдэйн театруудад ихэвчлэн зөвхөн хүүхэлдэйгээр тоглуулдаг бол манай жүжигт дэлгэц, хүүхэлдэй хосолсон учраас орчин үеийн хүүхдийн сонирхлыг татаж, анхаарлыг нь алдахгүй. Энэ жүжгээс үзэгч хүүхдүүд нэг ч гэсэн шинэ зүйл сурч мэдээд гарна гэдэгт итгэлтэй байна.

-Эцэст нь үзэгч хүүхдүүддээ хандаж юу хэлэх вэ?

-Манай жүжгээс маш олон сюрприз, ид шидийн үзүүлбэрүүд үзэх боломжтой. Энэхүү жүжгийг өнөөдөр болон маргааш тоглоно. Хүүхдийн бодол төсөөлөлтэй их ойр тул  заавал ирж үзээрэй гэж урьж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Жүжгийн тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn, 19001800 утсаар авах боломжтой юм байна.

“Чулуун дээр чулуу” жүжгийн хэсгээс

Бусад мэдээллийг энд дарж уншина уу.

 

Соёл урлагийг дэмжигч GoGo  мэдээний агентлаг